Амарбаясгалант хийдээр аялаарай



Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг байгалийн сайхан цогцлон бүрэлдсэн Бүрэн хан уулын өвөр Ивэн голын хөвөөнд орших Амарбаясгалант хийд нь соёл урлаг, уран барилгын хосгүй нандин бүхнийг шингээсэн, Монгол даяар алдар цуутай том хийд юм.

Түүнийг “Өндөр гэгээний “ буюу зарлигаар бүтсэн хийд ч гэж нэрлэдэг.
Монголын анхдугаар Богд гэгээн Занабазарын зохиол, үйлс, эрдэм билиг, авьяас, ур ухааныг сүсэглэн дээдэлж Өндөр гэгээнд зориулсан хийдийг Монгол нутагт байгуулахыг Манж Чин улсын эзэн хаан Энх – Амгалан 1722 онд зарлиг буулгажээ. Номлол бүтээлийн шашны гарахуйн орон, хуврагийн их хүрээ “ Амарбаясгалант “ хийдийг ер бусын гоёмсогоор байгуулж өгөхөөр 10 түмэн лан буюу 3730 кг мөнгийг улсынхаа сангаас төлөвлөн гаргаж , хийдийг байгуулах газрыг судлан, шинэжилж тогтоосноор 1726 оны улаан морин жил бариулж эхлэн 1737 оны улаан луу жил хийдийн барилга байгууламж бүрэн дууссан тул Хийдийн аравнайг өргөжээ.

Comments