Уулын өвчин

Эрт дээр үеийн хүмүүс “ууланд хортой агаар байдаг”, “муу гүйдэл, чөтгөртэй” оргилууд байдаг”, “хүнийг залхаадаг” хэмээн ойлгож иржээ. Тажикууд энэ догшин савдгийг “дам гири”, Өмнөд Америкийн индейчүүд “пуна”, Төвдийн Лхаст “сур” хэмээн нэрлэдэг. Гэтэл үнэндээ бол энэ нь агаарын даралт хэт багасаж, хүчилтөрөгч дутсаных юм. Дээр нь бас хүйтэн жавар нэрмээс болж, атмосферийн фронтууд солигдох үед даралт улам багасах зэрэг цаг агаарын элдэв “ааш араншин” нэрмээс болно. Уулын өвчин хүмүүст үүсэх өндөрлөг харилцан адилгүй бөгөөд аль өргөрөг дээр тухайн уул байрлаж байгаа, /туйлд ойрхон эсэх/, ямар улиралд авиралт хийгдэж байгаа, тухайн авирагчийн бие бялдрын онцлог зэргээс хамаардаг. Гэхдээ 6000 метрээс дээш өндөрт уулын өвчний шинж тэмдгүүд бүх хүмүүст үүснэ.
Өндөр ууланд хүний цус аажмаар өтгөрдөг учраас уушгинаас хүчилтөрөгчийг биеийн дотуур дамжуулан тараах нь муудна. Ийм байдлаас болж зарим хүмүүс туйлдан, уулын нөхцөлд дасаагүй хүмүүс 2500 метрээс дээш өндөрт ачааллыг бараг даахгүй. Толгой нь өвдөж, дотор нь муухайран, зовхи нь таталдана. Сэтгэцийн байдал нь хурцдаж, зан ааш нь огцом хувиран, гэнэт учир шалтгаангүй инээж байснаа сэтгэлээр унаж, хүйтэн хөндий болж, эсвэл бүр дайран довтолж ч магадгүй. Нойр нь муудан, элдэв хар дарсан зүүд, муу зөн совингоос салж чадахгүй болдог. Ухаан санаа нь сав саруул байгаа мэт өөрт нь санагдавч заримдаа хүн өөрийгөө хянаж чадахгүй болсон байдаг. Зөвхөн өөрийнхөө зөв гэдэгт хөдөлшгүй итгэлтэй болж, ямар ч шүүмжлэлийг огт хүлээж авахгүй. Өндөр ууланд байн байн тохиолддог онц ноцтой нөхцөл байдалд сэтгэцийн ийм өөрчлөлт нь онцгой аюултай юм.
Уулын өндөр оргил руу аажмаар авирч ууланд өөрийгөө дасгах хэрэгтэй байдаг. Алхам алхмаар акклиматизаци буюу цаг агаарт дасгаж, өөрийн бие организмыг чагнан, уулын өвчний анхны шинж тэмдгүүдийг илрүүлэх хэрэгтэй. Гэвч уулын амьдралд хүн бүхэн дасаж чаддаггүй. Тал газрын хэвийн нөхцөлд эрүүл, чийрэг олон хүмүүс өндөрт ажиллаж чадахгүй болох нь элбэг юм.
Ууланд өөрийн хууль, дүрмүүд ноёрхох ба зарим давчуу хөндийд хэдэн сараар ч нар тусаж чадахгүй, өвөрмөц “туйлын шөнө” болно. Огт нар тусдаггүй өнцөг булангууд ч байх бөгөөд огцом бэлүүдээс цасан хунгар, хад чулуу нуран доош унаж, заримдаа шавар, чулуу нижигнэн доошилно.
192-193-р нүүрний зураг.
Түүнчлэн хөрсөн дороо цэвдэгтэй, мөстэй газар хүмүүсийн хөл хальтран ойчих осолтой. Хагарсан том чулуунууд ч бас л аюултай бөгөөд хүмүүсийн хөл хальтирч гулсан хавчигдах, мултлах, гэмтээх нь энүүхэнд. Мөн шаварт хөл хальтирч, доод талдаа авирч яваа хүний толгой руу чулуу унагаах, эсвэл дээд талдаа яваа хүнээс ийм “бэлэг” авах аюултай. Иймээс авирч байхдаа урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авч, өгсөх, уруудахын алинд ч яаралгүй, болгоомжтой ажиллах хэрэгтэй.
Ууланд хэрхэн авирах талаар. Уулын оргил өөд авирна гэдэг нь байнга дээш өгсөж, доош буух явдал юм. 35 хэмээс дээш огцом налуу өөд бол хүмүүс заавал гараараа хамжин авирахад хүрнэ. Оргил өөд муруй шугамаар авирах нь хавьгүй хялбар бөгөөд хурдан. Ийм ч учраас хүмүүсийн /эсвэл амьтдын/ үүсгэсэн уулсын зөрөг замууд муруй тахир байдаг. Туршлагагүй, бэлтгэгдээгүй хүн бол өөрийгөө хэт ядраахгүйн тулд нэг цагийн дотор ачаагүй бол 300 м, ачаатай бол 200 метрээс илүү авирах хэрэггүй юм.
Дэргэд шахам байгаа, хамгийн өндөр биш ч гэсэн аль нэг оргил өөд авирах хүсэл ихэд төрөх боловч хэрэв зам, маршрут дайраагүй бол ингэх хэрэггүй юм. Учир нь төлөвлөөгүй буулт ямар ч хэцүү болж магадгүйг хэн ч урьдаас мэдэхгүй. Олны дунд тархсан “авирахаас уруудах нь хялбар” гэдэг буруу ойлголтоос эртхэн салах хэрэгтэй. Доош буух нь голдуу ядаргаатай бөгөөд заримдаа авирахаас ч аюултай. Хэт ачаалалд өртсөн булчингууд өвдөж, алхах бүрт их хүч шаардагдаж, хөл заримдаа бүдрэн, гутал хэт давчуу, эвгүй мэт санагдана. Өвс нойтон байгаа үед гүйх маш осолтой бөгөөд хальтран чулуу, хадан дээр унах, зарим үед ингэж зугаацсанаас болж амиа ч алдах аюултай.

Comments